Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулиар зарлан тунхагласан иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг тогтоож, төр, сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө
1. Аливаа шашныг шүтэх буюу эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг байна.
2. Иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.
3. Иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4. Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ.
5. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглоно.
төр сүм хийдийн харилцаа
1.Монгол Улс дахь төр, сүм хийдийн харилцаа төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх зарчимд үндэслэнэ.
2.Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй.
3.Төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
4.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй.
5.Сүм хийд, лам санваартан нар Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн үзэж биелүүлнэ.
6.Сүм хийдээс төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэхгүй бөгөөд төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно.
7.Шашны нэр хүнд, хүн амын сүсэг бишрэлийг улс төрийн нам, байгууллага, албан тушаалтны эрх ашигт нийцүүлэн ашиглах, шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
8.Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна.