Цагаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн Анхдугаар их хурлын тогтоолоор 1931 оны 04 дүгээр сарын 10-нд одоогийн Өвгөд багийн төвд 12 багтайгаар байгуулагдаж анхны сум нэгдлийн даргаар Г.Нямдорж, Ш.Монхоо байсан бол одоогийн засаг захиргааны нэгж 6 баг (Агар, Өвгөд, Тосон, Хужирт, Шарга, Жаргалант)-тай 5866,3хавтгай дөрвөлжин км нутагтай. 5927 хүн амтай, хүн амын 2941 нь эмэгтэй, 0-18 насны хүүхэд 2299 байна. Нийт өрхийн тоо 1628.
2022 оны жилийн эцсийн байдлаар малчин 1303 өрхийн нийт 2449 малчидтай. Нийт 100 мянгат малчинтай. Нийт малын тоо 527270, үүнээс тэмээ 915, адуу 34595, үхэр 36667, хонь 294357, ямаа160836 байна. Нийт малын тоо хонь, адуу, тэмээний тоогоор аймагтаа тэргүүлж байна
Тус сум нь өөрийн аймгийн Цэцэрлэг, Арбулаг, Бүрэнтогтох, Баянзүрх, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, баруун хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг ба Улаанбаатар хотоос 832 км, аймгийн төв Мөрөн хотоос 131км зайд тус тус оршдог.
Ужигийн Дүмбэнгээс эхлээд Өндөр Жаргалант, Тосон, Богд, Булнай, Элээт, Барчин зэрэг өндөр сүрлэг уул нурууд, Дэлгэрмөрөн, Агар, Тэс зэрэг 20 гаруй гол мөрөн, Сангийн далай, Тунамал, Гандан, Хунт, Галуут зэрэг 30 гаруй нуур цөөрөм, Сангийн далайн уужим ариун хөндий, хоолой, Агар, Өвгөд , Барчингийн рашаан, Зоо Мэргэн, Хоёр богд, Хүнхрүүгийн халил өндөр өндөр хясаа зэрэг байгалийн гоо үзэсгэлэн бүрдсэн нутаг юм. Мөн Хүдэр, гахай, хандгай, буга, тарвага, зэрэг ан амьтан элбэг баян хангай нутаг юм.