Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм

2025-03-28

Монгол Улсын Их Хурлын 2024 оны

27 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

/2024-2030 ОН/

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 2024-2030 онд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр мөн.

Хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлан эрсдэлийг бууруулах, ёс зүйтэй иргэдээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх цогц ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулж, ёс зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэснээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны үр дүн сайжирч, ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёл хэвшин, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.

            

Зорилго 1.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдамж заавраар хангаж, зохион байгуулалтыг сайжруулна.

                   

Зорилт 1.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах замаар зөрчлөөс урьдчилан сэргийлнэ.

1.1.1.байгууллага албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээг Ёс зүйн хорооноос баталсан аргачлалын дагуу жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

1.1.2.ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлтэй гэж үнэлэгдсэн албан тушаал эрхэлдэг албан хаагч ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргах, шалган шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.3.албан хаагчийн ёс зүйн зөрчил, хариуцлагын бүртгэлийн хуудас нэвтрүүлж, хэрэглэж хэвшүүлнэ.

Зорилт 1.2.Ёс зүйтэй иргэдээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх тогтолцоог хөгжүүлнэ.

1.2.1.төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шалгуурыг үндэсний үнэт зүйл, онцлогт суурилан олон улсын жишиг, хөгжлийн нийтлэг хандлага, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилнэ.

1.2.2.төрийн албан хаагчийг албан тушаалд сонгон шалгаруулж томилоход төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдөх, ёс зүйн төлөвшил, зан үйлийн хэв маягийг тодорхойлох сорил, даалгаврын агуулгаар үнэлэх үйл ажиллагааг өргөжүүлэн, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ.

1.2.3.иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулах, томилох, төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад ёс зүйн нийтлэг шалгуурыг хангасан эсэхийг эн тэргүүнд харгалзан үзэх зарчмыг мөрдлөг болгон, ёс зүйн зөв төлөвшил, хандлагатай, шударга, хариуцлагатай, нийгмийн зорилгод нийцэх иргэн, албан хаагчийг сонгон шалгаруулж, төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.

1.2.4.төрийн албаны удирдах албан тушаалын томилгооны сонсголд оролцогч этгээдийн ёс зүйн хариуцлагын талаар Ёс зүйн хорооноос санал, дүгнэлт авах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

1.2.5.төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг эн тэргүүнд чанд мөрдөн, ёс зүйн зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүй ажиллах соёлыг хэвшүүлнэ.

Зорилт 1.3.Төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн манлайллыг төлөвшүүлнэ.

1.3.1.төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг чанд мөрдөн, ёс зүйтэй, ил тод, шударга харилцаа, хандлагаар албан хаагчийг үлгэрлэн манлайлах соёлыг төлөвшүүлнэ.

1.3.2.төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтанд тавигдах ёс зүйн манлайллын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, үнэлэх тогтолцоог бий болгоно.

1.3.3.ёс зүйн зөрчил гаргасан бол сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг, хариуцлага хүлээдэг байх хандлага, ёс зүйн соёлыг төлөвшүүлж, олон нийтийн хяналтыг сайжруулна.

1.3.4.төрийн албан хаагчийн ёс зүйн төлөвшил, байгууллагын нээлттэй соёлыг хэвшүүлэх, дагалдуулах /ментор/, чиглүүлэх /коучинг/ зэрэг хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтны манлайлал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанарыг хадгалах, хөгжүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулна.

1.3.5.төрийн өндөр болон томилох эрх бүхий албан тушаалтан нь үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг жил бүр олон нийтийн өмнө тайлагнан, сэтгэл ханамжийн судалгаа явуулж, санал, дүгнэлт, зөвлөмжийг дараа жилийн төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.

Зорилт 1.4.Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлнэ.

1.4.1.төрийн албан хаагч ёс зүй, харилцаа, хандлагаараа олон нийтэд үлгэрлэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн албаны стандартыг боловсруулж, хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, сургах, хөгжүүлэх, үнэлж дүгнэх бодлогыг хэрэгжүүлнэ.

1.4.2.төрийн албан хаагчийн тангарагт ёс зүйг эрхэмлэн сахих талаар тусгаж, өргөсөн тангаргаа чандлан мөрдөх соёлыг хэвшүүлэх арга хэмжээг байгууллага төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.

1.4.3.байгууллага төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх, байгууллагын ёс зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргасан ололт амжилтыг хөхиүлэн дэмжих, алдаршуулан олон нийтэд мэдээлэх ажлыг хэвшүүлнэ.

1.4.4.төрийн албан хаагч олон нийтийн санаа бодлыг сонсож, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн, иргэдэд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн итгэлийг хүлээхүйц харилцааны болон төрийн албаны нэр хүндэд нийцэхүйц соёлыг эзэмшинэ.

Зорилго 2.Төрийн албанд ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Зорилт 2.1.Төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлнэ.

2.1.1.байгууллага төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдүүлж, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг тогтмолжуулна.

2.1.2.төрийн албан хаагч бүрийг ёс зүйн багц цагийн цахим сургалтад жил бүр хамруулж, үр дүнг тооцох ажлыг байгууллага зохион байгуулж, Ёс зүйн дэд хороо арга зүйн заавраар хангана. Ёс зүйн хороо багц цагийн сургалтын агуулга, сэдвийг тогтооно.

2.1.3.байгууллага төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг ёс зүйн чиглүүлэх сургалтад хамруулж хэвшүүлнэ.

2.1.4.ёс зүйн хариуцлага хүлээсэн төрийн албан хаагчийг танхимын давтан сургалтад хувийн зардлаар хамруулна.

2.1.5.төрийн албан хаагч ёс зүйн болзошгүй зөрчлөөс ухамсартайгаар зайлсхийх, ёс зүйтэй шийдвэр гаргах болон бусад асуудлыг ёс зүйн сургалтын агуулгад тусгаж, хэрэгжүүлнэ.

Зорилт 2.2.Төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлж, дэмжих арга хэрэгслийг өргөжүүлнэ.

2.2.1.байгууллага ёс зүй, шударга байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хэлбэр, төрлийг тодорхойлж, төсвийн хамт төлөвлөгөөндөө тусган, хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулна.

2.2.2.байгууллага төрийн албан хаагчид ёс зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, удирдамж, заавраар хангах, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүхий орчныг бүрдүүлж, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

2.2.3.төрийн албаны ёс зүйн зарчим, хэм хэмжээ, шаардлагыг товч, тодорхой, ойлгомжтой хэлбэрээр ангилан төрөлжүүлж, ёс зүйн тайлбар, гарын авлага, зөвлөмж, заавар боловсруулахыг Ёс зүйн хороо нэгдсэн зохицуулалтаар хангаж, байгууллага төрийн албан хаагчид түгээх, сурталчлах, мэдээлэх ажлыг хариуцна.

2.2.4.төрийн албан хаагч бүрийг ёс зүйтэй, шударга ажиллах үүргээ сайтар ухамсарлан ойлгож, чанд мөрдөхөд чиглүүлэн ёс зүйн асуудал хариуцсан албан тушаалтантай харилцах, холбогдох зөвлөгөөг авах талаарх мэдээллийг хүн бүрд хүргэх ажлыг байгууллага хэрэгжүүлнэ.

2.2.5.байгууллага ёс зүйн төлөвшил, шударга байдлын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн харилцаа, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Зорилго 3.Ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулна.

Зорилт 3.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиглэлээр Ёс зүйн хороог бэхжүүлнэ.

3.1.1.Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулна.

3.1.2.байгууллага Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах, тайлагнах чиг үүрэг бүхий албан хаагчийг томилж, ажил үүргийн хуваарьт тусган ажиллуулна.

3.1.3.мэргэжлийн болон төрийн үйлчилгээний салбарт тухайн мэргэжлийн ёс зүйн шаардлага, хяналт, хариуцлагыг хангуулах Ёс зүйн дэд хороог байгуулан ажиллуулах асуудлыг судалж, шийдвэрлүүлнэ.

3.1.4.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлээр санал боловсруулж, шийдвэрлүүлнэ.

3.1.5.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан журам, бусад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлан мөрдүүлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Ёс зүйн хорооноос санал авч шинэчлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авна.

           

3.1.6.ёс зүйн хариуцлагын төрлийг өргөжүүлэх, бусад зөрчлөөс ялгагдах байдлыг тогтоох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

3.1.7.ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх чиглэлээр Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын гишүүдийг мэргэшүүлнэ.

3.1.8.Ёс зүйн хороо Ёс зүйн дэд хороодын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.

3.1.9.Ёс зүйн дэд хороодын эрх, үүрэг, хариуцлагыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг бүрдүүлэх, төлөвшүүлэх ажлыг салбар, байгууллага хариуцах бодлого хэрэгжүүлнэ.

Зорилт 3.2.Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг сахиулах, хэвшүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.

3.2.1.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох, урамшуулах зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

3.2.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, дүрмийг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, зөрчлийг мэдээлэх зэрэг чиглэлээр нөлөөллийн аяныг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулан үр дүнг тооцно.

3.2.3.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлан ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг байгууллагын удирдлага манлайлан, Ёс зүйн дэд хорооны дэмжлэгтэйгээр тогтмол хэрэгжүүлнэ.

Зорилт 3.3.Төрийн албанд ёс зүйн зөрчлийг мэдээлэх тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн хяналтыг идэвхжүүлнэ.

3.3.1.байгууллага  нь иргэн, албан хаагчаас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авч, ёс зүйн зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагааны мэдээ, тайланг олон нийтэд тогтмол мэдээлж хэвшинэ.

3.3.2.ёс зүйн гомдол, мэдээлэл, зөрчил, хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системийн бүрэлдэхүүн болгон хөгжүүлж, үйл ажиллагаандаа тогтмол ашиглана.

3.3.3.байгууллага ёс зүйн зөрчилд хариуцлага тооцсон талаарх мэдээллийг  нийтэд ил тод мэдээлж, хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

Зорилго 4.Ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангана.

Зорилт 4.1.Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын бодит оролцоонд тулгуурлан үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх үйл ажиллагааг цогц байдлаар зохион байгуулна.

4.1.1.эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төр ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий хандлагаар нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг байгууллага манлайлан, иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулна.

4.1.2.төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх зорилгоор үндэсний контентыг бүтээж, түгээнэ.

4.1.3.хүүхэд, залуучуудын шударга, зөв, ёс зүйтэй байх үзэл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сэдэв, агуулга бүхий контентыг монгол хүний ахуй, соёл, зан чанарт нийцүүлэн бүтээх, түгээх ажлыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

4.1.4.иргэдийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээтэй уялдуулан, ёс зүйн боловсролыг дээшлүүлэх нөлөөллийн ажлыг бүх талын оролцоотойгоор гүйцэтгэж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

4.1.5.төрийн албан хаагч нийгмийг соён гэгээрүүлэгч байх, шударга, ёс зүйтэй  харилцаа, хандлагаар иргэдийг үлгэрлэн дагуулах байдлаар нийгмийн нөлөөлөгч байх бодлого, үйл ажиллагааг тасралтгүй хөгжүүлнэ.

Зорилт 4.2.Судалгаа шинжилгээний үр дүнд суурилсан ёс зүйн үнэлгээг чанаржуулна.

4.2.1.төрийн албан дахь ёс зүйн асуудал ба зөрчлийн талаарх олон нийтийн санаа бодлыг тандах судалгааг жил бүр зохион байгуулж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшинэ.

4.2.2.байгууллага ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг жил бүр судалж, нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлон зөрчлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.2.3.төрийн албаны ёс зүйн индексийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. 

4.2.4.ёс зүйн судалгаа шинжилгээ, хяналт, үнэлгээний ажилд хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллага, мэргэшсэн баг, судлаачийн оролцоог хангана.

Зорилт 4.3.Ёс зүйн чиглэлээр хөндлөнгийн хяналтыг хөхиүлэн дэмжинэ.

4.3.1.төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдлын төлөвшилд өөрийн үнэлгээ өгөх, хамт олон, удирдлага, хамтран ажиллагчаар иргэн, олон нийтийн оролцоотойгоор хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.

4.3.2.төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх, албан тушаалд дэвшүүлэх, шагнах, урамшуулах, сургалтад хамруулах асуудлыг шийдвэрлэхэд төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан шударга байх зарчим, шаардлагыг мөрдөх, шударга ажилласан байдал, ёс зүйн хариуцлага хүлээсэн талаарх хөндлөнгийн дүгнэлтийг харгалзан үзэх тогтолцоог бүрдүүлнэ.

4.3.3.төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдөж хэвшсэн болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ, сургалт, хүмүүжлийн ажилд оролцсон байдал, санаачилга, идэвх зүтгэл гаргах, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр манлайлсан байдлыг албан хаагчийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт болгоно.

4.3.4.байгууллага, томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг биелүүлэх чиглэлээр гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг жил бүр олон нийтэд мэдээлнэ.

     

---оОо---

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5731
4268 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%