"СОЁЛ ТҮГЭЭЕ" Соёлын орон зай-Бидний орчин бүтээлч аяны хүрээнд
МАЛЧИН_ТАНЫ_ЭРХ_ЗҮЙН_БОЛОВСРОЛД_ӨДӨРТ_НЭГ_МЭДЭЭ хүргэж байна.
#DAY-2 "НҮҮДЭЛЖ ИРСЭН УЛАМЖЛАЛ БА ГАЗАР ОРОН СОНГОХ ЁС"
... Өвөлд өнтэй нутагт өвөлж
Хаварт товгор газрыг түш
Намар тэгш бэлчээрт нутагла
Зун үндэстэй газрыг харгалз...
Монголын малчид жилийн дөрвөн улиралд нутаг ус бэлчээрээ тохируулан сэлгэн нүүдэлж ирсэн уламжлалтай.
Улирал цаг уурын онцлогиг харгалзан өвөлжөө, хаваржааны нутгийг сонгохдоо таван төрлийн малд тохируулан ямаанд салхины чигийг, хонинд уулын энгэр, хяр, толгойн өвөр, үхэрт хангайд ус мод элбэг нутаг, говьд хужиртай, дэрс шарилж, цахилдагтай, тэмээнд зөөлөн хөрстэй, бартаа багатай хоолой хөндий нутаг, адуунд дэнждүү, ус хужиртай газрыг сонгодог байна. Ус тогтох, цас хунгартах зэрэг газрын шинжийг олон жилийн ажиглалтаас шинжиж, өвөлжөө хаваржаа барьдаг байна.
Нүүх өдөр, бух газрыг хэрхэн сонгох вэ?
Нүүх өдрийг өдөр гарагийн таарамж, цаг агаарын байдалд тохируулан сонгоно. Үүнд сар шинийн 5, 14, 23-ыг "сарын гурван хорио", 3, 13, 23-ыг "сарын гурван гурав" хэмээн нүүдэл хийдэггүй. Бямба, Мягмар гариг, тогой, гахай болон гэрийн эзний час өдөр нүүдэггүй. зайлшгүй нүүх бол урд өдөр нь өрхөө авах, тулгаа хөдөлгөх, цайны 17 шаарыг нүүх зүгрүүгээ цацах зэргээр цээрийг гаргана.
Буух газраа нутаг усны хөгшчүүд, ойр хавийн эрчүүдтэй зөвлөлдөн байж, явж үзэж сонгоно. үүнийг "Нутаг үзэх" гэнэ.
Нүүхэд хэрхэн бэлтгэх вэ?
Нүүхийн урд өдөр гэрийн эзэн, ачих, унах, мал туух хөсөг, тоног хэрэгслээ бэлтгэж, гэрийн эзэгтэй гэрийн доторх эд хогшлыг эмхлэн, идээ цагаагаа янзална. Мал сүргээ бүртгэж гэрийн ойролцоо байлгана. Буурин дээрээ айл үлдэж байгаа болон өөр тийшээ нүүх гэж байгаа бол хотоороо цай уулгана. Нүүх өглөө гэрийн эзэгтэй эртлэн босч цайгаа чанаж, үнээ малаа саагаад "өлзийтэй өгсөн нутаг" хэмээн хангай дэлхийдээ сүү цайныхаа дээжийг өргөн цайлцгааж, гэрээ буулган ачаална.
Гэр буулгах ба ачаалах үед
Гэр буулгах ба барих үед нар зөв зүгийг эрхэмлэн гэрийнхээ баруун урд талаас эхлэн оосор хошлонгоо тайлж, өрхөө авч туурга дээвэр, унь, ханаа буулгана. Тооныг нүүх зүг рүү авч тавиад, ачаалж дуустал гэрийн бууринаас гадагш гаргалгүй хамгийн сүүлд ачина.
"Ачаа хазайна" хэмээн үзэж ачаалж байх үед гэрийн буурин дээгүүр ачаатай, ачаагүй тэмээ гаргадаггүй. Тулганы урд тотгоны чулууг бусад чулуунаас зайлуулан хөдөлгөж нүүдлийн зам чиглэлийг засна. ачаалж дууссаны дараа буйран дээрх үнэ хогоо сайтар цэвэрлэнэ. Нүүдэллэж явахдаа тэр айлын хүмүүс бүгд гоёлын дээл хувцасаа өмсөнө. Ачааг гэрийн эзэгтэй хөтлөх ба буурийн зүүн талаар нар зөв явган тойрч, мориндоо мордоно. Адууг нүүдлийн түрүүнд, бог малыг өндөр настан, хүүхдүүд ачааны сүүлд тууна. Буух газар ойртоход өрхийн тэргүүлэгч түрүүлэн очиж, гэр барих газраа шав тавина.
Нүүдлийн зам дагуух айлууд нүүдэл тосон цай идээ өгдөг заншилтай. Ингэхдээ заавал шинээр цай чанаж , тавагтай идээ өгдөг заншилтай. Хэрэв хуучин цай халааж өгвөл нүүж явсан айл шинэ нутагт удахгүйн ёр гэж үздэг ажээ. Цайлж дууссаны дараа шинэ нутагтаа сайн нүүж буухыг ерөөн ачаа хөдлөх үед үлдсэн цай идээг нүүдлийн зам мялааж хойноос нь өргөдөг.
via: Н.Уртнасан, Ц.Самдан "Ёс ёмбогор". УБ., 2009. 16, 17 дахь тал
