Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

МАЛЧИН_ТАНЫ_ЭРХ_ЗҮЙН_БОЛОВСРОЛД_ӨДӨРТ_НЭГ_МЭДЭЭ хүргэж байна.

2025-11-10

Мах борцлох тухай

Эрт дээр үеэс монголчууд өвлийн идшээ бэлдэхдээ давхар борц хийж хатаагаад хавар идэшний мах барагдах үеэс  борцоо идэж эхэлдэг билээ.

БОРЦ ХИЙХ АРГАЧЛАЛ:

Борц хийхэд махаа шулах, зүсэх, хэцэнд өлгөх, хөлдөөх, урь идүүлэх, хатаах, савлах гэсэн дараалалтай. Махыг борцлохдоо тураг (малын толгой шийр, гэдэс дотроос бусад мах) махаа эвдсэний дараа борцлох  махаа хутгаар булчингийн ширхгийн дагуу 20-30 см урттай, 3-5 см зузаантай зүснэ. Зүссэн махаа голоор нь дахин зүсэж, ингэхдээ хэцэнд тохож битүү үлдээнэ. Ийнхүү бэлдсэн зүсмэл махаа байшин, пүнз,  амбаар болон гэртээ татсан хэцэн дээр хооронд нь  наалдахааргүй зайтай тохно. Мөн тоос шорооноос хамгаалж нимгэн марель, даавуугаар бүтээж хөлдөөгөөд урь идүүлж болно. Энэ нь урин цагийн салхинд идүүлнэ гэсэн үг. 

Борц хийх үеийн агаарын температур хөдөө -16,2 градус, хотод -20,3 градус байвал  илүү тохиромжтой. Байрны чийгшил нь хөдөө 39-74%, хотод 52-76% байх ёстой гэж үздэг. Ийм орчинд мах борцолж  хөлдөөхөд махны  мөс шингэн байдалд  шилжихгүйгээр аажмаар ууршин азотлог хандлаг бодис нь  дотроо үлдэх замаар хатдаг байна. Ингэж мах борцлоход 4-5 сарын хугацаа шаардагдана.

Борцны чийг 7-8%, тослог 11,3%, уураг 78,0% байх ёстой. 1кг борцны илчлэг чанар 3600-4000 ккал байдаг. Мөн 1 кг нойтон мах борцлоход хэд дахин   хөнгөрч 200-210 гр борц гарна. Зөв хатааж хийсэн борц цайвар бордуу өнгөтэй сэвсгэр хөнгөн, өөх нь цайвар шаргал өнгөтэй, өвөрмөгц сайхан үнэртэй болдог. 

Монголчууд  гол төлөв үхрийн махаар, зарим нутагт  тэмээний махаар борц хийж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Гэтэл зарим газар бог малын хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр  нь давс түрхэн хатааж  борцолдог байна. Борцыг 40 минут орчим дэвтээхэд 2,4-2,5 дахин өсдөг бөгөөд түүгээр борцтой шөл, бууз, хуушуур, цуйван, хуурга зэрэг төрөл бүрийн хоол хийж хүнсэнд хэрэглэж болно.

  Эх сурвалж: Монгол нүүдэлчдийн  тайлбар толь II толь, УБ, 2015 он

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9128
7454 / 82%
1035 / 11%
304 / 3%
335 / 4%