"МИК ХОЛДИНГ" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГҮҮЛЛЭЭ
2015-12-21
Монголын Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг”
ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани боллоо.
Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны их бүтээн
байгуулалтын ажлыг дэмжих, санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан
дотоод гадаадын зах зээлээс санхүүжилт татах замаар ипотекийн анхдагч
болон хоёрдогч зах зээлийг дэмжиж, орон сууцны санхүүжилтийн урт
хугацаат тогтолцоог хөгжүүлэх зорилготойгоор Монголбанк болон 10 банк
хамтран 2006 онд Монгол улсын үндэсний ипотекийн корпораци болох
Монголын Ипотекийн Корпорацийг үүсгэн байгуулсан.
Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох
хөтөлбөрүүдийн хүрээнд тус корпораци нь банк, санхүүгийн
байгууллагуудаас ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг багцлан худалдан авч
үнэт цаасжуулах, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх
чадварыг хангах, түүний эрсдэлийг бууруулахад анхааран ажиллаж, 2013 оны
12 дугаар сард анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай
гаргасан төдийгүй санхүүгийн байгууллагуудаас 1.9 их наяд төгрөгийн
зээлийн багцыг худалдан авч үнэт цаасжуулаад байна. Түүнчлэн сүүлийн 3
жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, нэгдлийн
үзүүлэлтээр өөрийн хөрөнгөө 9.3 дахин, нийт хөрөнгөө 101.4 дахин өсгөж,
2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн өгөөжөө 26 хувьд хүргэн амжилттай
ажиллаж байна.
Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, зах зээлд нээлттэй компани болох, ил
тод байдал, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, дотоодын болон гадаадын
хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийн
нэгдэл нь өөрийн хувьцааны 15 хувийг олон нийтэд санал болгон
худалдаалах гэж буйг дуулгахад таатай байна.
Ингэснээр, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд нь энэхүү нэмэлт
хувьцааг худалдан авч Монголын Ипотекийн Корпорацийн нэгдлийн хөрөнгө
оруулагч, хувьцаа эзэмшигч болох боломжтой боллоо.
Үнэт цаас гаргагчийн талаар болон хувьцаа эзэмшихтэй холбоотой танилцуулга уулзалтууд дараах хэлбэрээр явагдана.
- 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14,00-с 16,00 цагийн хооронд “МИК Холдинг” ХХК-ийн байранд;
- 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11.00-с 13.30 цагийн хооронд Туушин зочид буудлын Соёмбо танхимд;
- 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00-с 16.00 цагийн хооронд
“МИК Холдинг” ХХК-ийн байранд болон Монголын хөрөнгийн биржэд.
Хөрөнгө оруулагчдын анхааралд
Хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч
таны хувьд ямагт эрсдэлтэй үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, үнэт
цаасны танилцуулга, үнэт цаас гаргах ажиллагааг сайтар судалсны үндсэн
дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг андеррайтерийн зүгээс зөвлөж
байна.
Үнэт цаас гаргагч: “МИК Холдинг” ХХК
Хаяг: 14210 Энхтайваны өргөн чөлөө 19, 10-р давхар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
Утас: (976-11) 328267
Э-шуудан: info@mik.mn
Цахим хаяг: www.mik.mn
Андеррайтер: “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК
Хаяг: 14210 Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
Утас: (976-11) 311914, (976) 70100261
Э-шуудан: info@tdbcapital.mn
Цахим хаяг: www.tdbcapital.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ