Цагаан-Уул сумын ИТХ

Цагаан-Уул сумын ИТХ

ил тод ил тод

Мэндчилгээ

2016-10-05

Цагаан-Уул сумаараа овоглосон уугуул, суугуул нутгийн зон олон та бүгдийнхээ энэ өдрийн амгаланг айлтган МЭНДЧИЛЬЕ. Та бүхэн минь тарган тавтай намаржиж байна уу?
2012 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд та бүхний итгэлийг хүлээж Хурлын даргаар томилогдон ажлаад хэдийн 4 жил өнгөрч ээлжит сонгуулийн хугацаа хаяанд ирсэн байна. Энэхүү хугацаанд бидэнд тулгамдаж байсан багагүй асуудлаар хуралдаж тогтоол шийдвэр гарган тодорхой үр дүнд хүрч ажиллаа.
Сумын малын тоо өсөхийн хэрээр малын бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийн хүрэлцээ муудаж байгаа үед малчин бидний сэтгэлийг уул уурхайн хайгуулын лиценз санаа зовоож байсан цаг хугацаа саяхан. Тиймээс Оргомчийн булан, Дунд хүнхрүүг оруулан 29302 га, Цагаан уул, Өвгөдийн булаг, Хөлөрт, Далтын давааг оруулан 12277.01 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 30 жилээр аваад байна. Мөн булаг шанд, ойн сан бүхий Шаргын гол, Халиун энгэр,  Бага илээтийн 111479.4 га, Хужирт багийн нутагт 24564.67 га, Агар багийн нутаг Богд уул, Агарын рашааныг оруулан 7166.43 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд  авч нийт 184789.51 га газар нутгийг хайгуулын лицензээс хамгааллаа.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах , ширгэж өтгөрөөд байсан нуур цөөрмийн усыг нэмэгдүүлэхэд анхаарч Салт, Гандан нууруудын усны түвшинг нэмэгдүүлэх төлөөлөгчдийнхөө санал санаачлагыг тээвэр шатахууны зардлаас дэмжлэг олгон хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч иргэдийн сэтгэл ханамж өндөр байна. Мөн Шаргын голын урсац, Баян нуур, Цагаан нуурын усны түвшин, сумын төвийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Мөсөн түрүүний 10 км тойрч урсан ширгэдэг гольдролыг Мод толгойн голруу нэгтгэх ажлыг гүйцэтгэлээ. Энэхүү ажлыг гүйцэтгэсний үр дүнд өнгөрсөн өвөл иргэд ундны хэрэгцээнд ойроос мөс ачих, хаврын шар усны үеээр Баян нуурыг дүүргэж Цагаан нуур, сумын төвийг зуны турш устай байлгах боломж нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн Цагаан нуурын даланг сайжруулан сэргээж жилийн бүхий л цаг хугацаанд устай байлгахыг зорин ажиллаж байна.
Мөн сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засаг даргын тамгын газар, аймгийн төлөөлөлч, Их хурлын гишүүдтэйгээ хамтран нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Иргэдийн гаргасан саналыг ач холбогдлоор нь эрэмбэлэн Аймгийн болон сумын орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг жил бүр батлан  холбогдох албан тушаалтан, дээд шатны байгуулагад уламжилж хамтран ажилласны үр дүнд томоохон их засварын ажлыг гүйцэтгэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.
Сумын хөгжлийн нэг хэмжүүр нь дэд бүтэц бүтээн байгуулалтаас гадна үйлдвэржилт, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гэж ойлгож бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодолгыг баримталж Сум хөгжүүлэх сангийн нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг 50 сая болгосноор томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих нөхцөл бүрдсэн. Цаашид хувь хүний эдийн засаг, санхүүгийн боловсролын нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Малчин өрх бүр бизнес эрхлэгч үйлдвэрлэгч гэдгээ ойлгон ухаарч хамтран ажиллах, хөдөлмөрөө хорших зэргээр бүтээмжээ нэмэгдүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж байна. Иймд иргэн бүр ажилтай орлоготой орон нутагтаа сэтгэл хангалуун амьдархын тулд өөрт байгаа зүйлсээ бүрэн ашиглаж хувь хүнийхээ хөгжилд анхааран цаг тутам суралцан шинийг ирэлхийлэх нь чухал байна. Иймд бид бүхний хамтын хичээл зүтгэлээр сум орны цаашдын хөгжил тодорхойлогдоно.  
Сумынхаа ирээдүйн хөгжлийн төлөө санаа сэтгэл хамтдаан байдаг сонгогч иргэд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүгдийн минь ажил хөдөлмөрийг таван хошуу малын нь буян хишиг, байгаль дэлхий ивээх болтугай.
Иргэдийн хурлын дарга Ч.Азбаяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%